Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

2017-06-15

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Уг хуульд та бидний амьдралд шууд хэрэглэгдэх, зайлшгүй мэдэж байх шаардлагатай зарим заалтуудыг танилцуулж байна. /1 нэгж=2000 төгрөг/ Үүнд: 

- Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Эмч, эмийн сангийн ажилтан эмийн жор, эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн; жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгосон; ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан; эмийн сан, ханган нийлүүлэгч, эмнэлгийн байгууллага эмийн хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд, тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн; жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Ашиглаж, эзэмшиж байгаа, өмчилсөн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
- Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан; мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл рашааныг гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан, эсхүл горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх замаар цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-   Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан; эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн; газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй, хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-   Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-   Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-   Мал сүргийг байгалийн гэнэтийн гамшиг, аюулаас хамгаалах, малын генетик нөөцийг ашиглах, шилжүүлэх, генийг хамгаалах, малын үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, ашиг шим, удамшлыг сайжруулах, малыг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Малын эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Мал эмнэлгийн журам зөрчсөний улмаас халдварт өвчин тараасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, эсхүл бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, эсхүл танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-  Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгоно.
-  Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
-  Захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%