ТОЛБО СУМЫН БАХАРХАЛ: УДАМ ДАМЖСАН УЛСЫН АВАРГА ШАГНАЛАА ХҮЛЭЭН АВЛАА.
Сар шинийн баярын босгон дээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын бахархал болсон малчин өрхөд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" цол, тэмдгийг ёслол төгөлдөр гардууллаа.
Энэ жилийн "Улсын Аварга Малчин өрх" шагналын эзнээр Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайн Мурат тодорлоо. Түүний амжилт бол тохиолдол биш бөгөөд аав Тохол овогтой Дүйсенбай нь 1989 онд "Улсын Хошой Аварга Малчин" хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэж байсан түүхтэй. Ийнхүү 37 жилийн дараа аавынхаа малч ухааныг өвлөн, удам дамжсан аварга малчин төрөн гарч байгаа нь Толбо сумын нийт зон олон, малчдын бахархал юм. Улсын Аварга Малчны шагналыг УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон аймаг, сумын удирдлагууд аваргын хотонд очиж, хүндэтгэл үзүүлэн гардууллаа.
Аавынхаа алдрыг Алтайн нуруундаа цуурайтуулж, удам дамжсан малч ухаанаараа нутаг усаа түшин суугаа Д.Мурат аваргын гэр бүлд:
Цэлмэг хөх тэнгэрийн толь болсон Толбо нуур шигээ тунгалаг амгалан, сүрлэг Алтайн уулс шигээ түшиг тулгууртай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мал сүрэг нь нуурын мандалд тусах нарны цацраг мэт түм мянгаар өсөн үржиж, удам дамжсан малч ухаан нь Толбо нуурын ундарга мэт үеийн үед тасрахгүй үргэлжлэн, амьдрал дүүрэн заяа нь нуурын ус шигээ дэлгэр баян байх болтугай.
